ШУУРХАЙ УТАС: 7053-2843

Түгээмэл асуулт

1) Усны тоолуурын заалтыг хэрхэн авдаг вэ?

Ус хангамжийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан Тусгай зөвшөөрөлтэй байгууллагын эрх бүхий ажилтан хэрэглэгчийн усны тоолуурын заалтыг сар бүр тогтмол хугацаанд нүдээр үзэн бичилт хийж, хэрэглэгчээр гарын үсэг зуруулан баталгаажуулж байх үүрэгтэй.

Усны тоолуур нь хэрэглэгчийн өмч тул хэрэглэгч та өөрөө тухайн сард хэрэглэсэн усныхаа заалтыг үнэн зөв мэдээлэх, төлбөр тооцоондоо хяналт тавьж байх шаардлагатай юм.

2) Хэрэглэгчдээс усны суурь хураамж яагаад авдаг вэ?

Суурь хураамжийг дэлхийн олон улс оронд мөрддөг бөгөөд энэ нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд чанартай, найдвартай усыг 24 цагийн турш хүргэхэд бэлэн байлгахад шаардагдах зардлыг шингээсэн байдаг. Шугам хоолойн голч өргөсөх тутам тэр хэмжээгээр илүү их усыг хэрэглэгчдэд хүргэх, бэлэн байлгах шаардлагатай болох бөгөөд үүнтэй холбоотойгоор гарах зардал төдий чинээ өндөр байдаг.

Суурь хураамжийг тогтоохдоо хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, ил тод, үнэн бодитой байх, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг хангах бодит шууд зардлыг нөхөхөд чиглэгдсэн байх зэрэг зарчмуудыг баримталдаг болно.

Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ахуйн стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд тухайн сард үйлчилгээний чанарыг ханган, ус хангамжийг тасралтгүй хүргэсний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрийг тооцно.                          

3) Гэрт хүнгүй шахуу, хэрэглээ ихсээгүй байхад төлбөр их гарлаа. Хэнд хандах вэ?

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20.1-д Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно гэж заасан.

Хэрэглэгчийн усны төлбөр хэлбэлзэх нь дараах шалтгаанаас болдог:

  • Усны тоолуурын заалтыг сар бүр тогтмол хугацаанд үнэн зөв мэдээлээгүй, нүдээр үзэж заалт аван гарын үсгээр баталгаажилт хийгээгүйгээс нэг сард бага ус бичигдэн, дараа сард нь хуримтлагдан их ус бичигдэх.
  • Тухайн хэрэглэгчийн шугам сүлжээ, тоноглолд гэмтэл гарч усны алдагдал үүссэнээс. /угаалтуурын болон суултуурын эд анги гэмтсэнээс ус шүүрэх, угаалгын машины буруу холболт г.м/
    Усны тоолуурын заалт болон төлбөр тооцоотой холбоотой асуудлаар өөрийн байрны ус хангамжийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад албан өргөдөл, баримттай хандах нь зүйтэй.
    Тухайн байгууллага таны асуудлыг шийдэхгүй удаах, дахин давтан үүссэн тохиолдолд ШӨХТГ болон манай байгууллагад уг асуудлын талаар тодорхой бичсэн өргөдөл, хавсралт баримтын хамт өгч хянуулан, дүгнэлт гаргуулж болно.

4) Бидний ууж буй ундны усны чанар хэр баталгаатай вэ? Ундны ус цэвэршүүлэгч төхөөрөмжүүдийг айл өрхөөр явж сурталчлах боллоо.

Ус олборлон, дамжуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь гүний худгаас усыг олборлоод, ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг. Үүний дараа дээж авч, усны лабораторит шинжлэн “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2005” стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавьсны үндсэн дээр төвлөрсөн шугамаар түгээж, хэрэглэгч Та бүхэнд хүргэдэг. Иймд төвлөрсөн шугамаар түгээж буй ундны усыг заавал ус цэвэршүүлэгчээр шүүж хэрэглэх шаардлагагүй.

5) Орон сууцны конторын үйлчилгээний чанарын талаар хэнд гомдол гаргах вэ?

Орон сууцны ашиглалт, үйлчилгээ нь Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Орон сууцны барилгын тухай, Барилгын тухай зэрэг олон хуулиар зохицуулагддаг. Үүнээс манай Зөвлөл цэвэр, бохир усны үйлчилгээтэй холбоотой аливаа өргөдөл, гомдлыг хүлээн авч, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу шийдвэрлэж байна.

6) Халаалт, халуун ус, цэвэр, бохир усны мөнгийг СӨХ авах нь зөв үү?

Буруу. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу цэвэр, бохир усны үйлчилгээг тус Зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэдэг. Иймд СӨХ нь цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг авах эрхгүй юм. Энэ талаар гомдлыг манайд ирүүлэх боломжтой.

 

 

МАНАЙ ХАЯГ:

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн III баг “Гүний ус”ХХК-ны байр Утас:7053-3903, 70533915

ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Баасан: 9.00 am – 18.00 pm
Бямба, Ням: Амарна.

GOOGLE ГАЗРЫН ЗУРАГ

ШУУРХАЙ УТАС:7053-2843

24цаг /7хоног нээлттэй утсаар байнга санал, гомдол, дуудлага үйлчилгээ хүлээн авч байна.

FACEBOOK ХУУДАС

Facebook Pagelike Widget