ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИАС
15 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрх, үүрэг
15.1. Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй:
15.1.1. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрээний дагуу цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх, саарал усыг ашиглах;
15.1.2. цэвэр усаар хангуулах болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах талаар гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх;
15.1.3. цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;
15.1.4. хангагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг нь төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр хангагчаас нэхэмжлэх;
15.1.5. ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, техникийн болон аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх;
15.1.6. хангагчийн төлөөлөгчийг энэ хуулийн 14.1.1-д заасан үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангах;
15.1.7. хангагчаас цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, саарал усыг ашиглах техникийн нөхцөл авах;
15.1.8. өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх;
15.1.9. өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө, бололцоогүй бол хангагчаар хийлгэж, гарсан зардлыг төлөх;
15.1.10. хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах;
15.1.11. энэ хуулийн 15.1.10-т заасны дагуу бусдад цэвэр ус түгээх, тэдгээрийн хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах нөхцөлд хангагч байгууллагаас үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг Зохицуулах зөвлөлийн баталсан хэмжээнд авах;
15.1.12. өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
15.1.13. усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх.