ШУУРХАЙ УТАС: 7053-2843

Дүрэм, журам

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

 ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

 

2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр                            Дугаар 06                   Улаанбаатар хот хот

 

 

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.“Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүргүүлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Ж.Гэрэлчулуун/, тогтоолыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Тусгай зөвшөөрлийн алба /П.Долгорсүрэн/, Үнэ тарифын алба /Б.Доржбат/-нд тус тус үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                                 Ч. ЭРДЭНЭЧИМЭГ

ГИШҮҮН                                                      Б. ЖИГЖИД

                                                                      Ч. БАТТОГТОХ

                                                                      С. ЧУЛУУНХУЯГ

                                                                      Р. НЯМЖАВ

 

 

 

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн

2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралт

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,
үйлчилгээг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм

  1. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү дүрмийн зорилго нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль[1]-ийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага /хангагч/ болон үйлчилгээг хүртэж буй иргэд, байгууллагууд /хэрэглэгч/-ын хоорондын харилцаа, тэдгээрийн хооронд гэрээ байгуулах нөхцөл, түүнд тавих шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөр тооцооны нөхцөл зэргийг зохицуулахад оршино.
1.2 Энэхүү дүрмийг хангагч болон гэрээ байгуулсан хэрэглэгч дагаж мөрдөнө. Дүрмийн нэр томъёог Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар ойлгоно.

  1. Хангагч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцаа

2.1 Хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан энэхүү дүрмийг үндэслэн хэрэглэгчтэй гэрээ байгуулна.
2.2 Дээрх гэрээ нь Монгол Улсын Иргэний хууль, Усны тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
2.3 Хангагч нь хэрэглэгчтэй цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг жил бүр хийж, дүгнэн ажиллана.
2.4 Иргэнтэй байгуулах гэрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтад заасан зүйлийг тусгана.
2.5 Хуулийн этгээдтэй байгуулах гэрээнд 2.4-т зааснаас гадна ус хангамжийн хэрэглээний горим, сар бүрийн төлбөрийн хуваарь зэргийг тусгана.
2.6 Шинээр гэрээ байгуулах болон сунгуулах хэрэглэгч нь дараах шаардлагыг хангасан байна.
2.6.1 Хангагчаас техникийн нөхцөл авсан байх,
2.6.2 Хэрэглэгчийн эзэмшилд байгаа шугам сүлжээний эзэмшлийн заагийг тогтоосон холболтын схем зурагтай байх, /ажлын зургийг хангагчтай зөвшилцсөн байх/
2.6.3 Усны тоолуурын узель нь батлагдсан зураг, схемийн дагуу угсрагдсан, баталгаажигдсан тоолуур суурилуулсан байх,
2.6.4 Шугамын угаалга, дүүргэлт, холболтын хөлс төлсөн байх,
2.7 Хэмжих хэрэгсэл, лац, тойрох шугам дээрх хаалт, хэмжих хэрэгслийн зангилаа, барилга байгууламж болон гадна цэвэр, бохир усны худаг, худаг хүртэлх шугамын ашиглалтыг хэрэглэгчийн талаас эрх бүхий албан тушаалтанд хариуцуулна.
2.8 Хэрэглэгчийн худалдан авсан цэвэр ус, нийлүүлсэн бохир усны хэмжээг эрх бүхий байгууллагын хянаж, баталгаажуулсан хэмжих хэрэгслийн заалтаар тогтоон төлбөрийг тооцно.
2.9 Зохицуулах зөвлөлөөс усны үнэ тарифт нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд түүнийг мөрдөж эхлэхээс 30 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
2.10 Төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийх үед цэвэр усаар хангах үйл ажиллагааг түр зогсоох тухай хэрэглэгчдэд 24-өөс доошгүй цагийн өмнө, онцгой обьект болон их хэрэглээтэй хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэж, тохиролцсоны үндсэн дээр зогсооно.
2.11 Хэрэглэгч техникийн нөхцөл авахдаа хангагчийн гаргасан бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн байна.
2.12 Хангагч нь хэрэглэгчийн хүсэлтээр төлбөртэй үйлчилгээг үзүүлж болно. Үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг эрх бүхий байгууллагаас батална.
2.13 Хангагч нь хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн аваад нэн даруй шаардлагатай арга хэмжээг авч, 24 цагийн дотор барагдуулна.

  1. Хангагчийн эрх, үүрэг

3.1 Хэрэглэгчийн ус хангамж, ариутгах татуургын системд холбогдсон шугам сүлжээ, барилга байгууламжид хяналт тавьж, хэрэглэгчдэд ашиглалтын талаар мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөх.
3.2 Хэрэглэгчийн усны зүй бус хэрэглээг илрүүлэх, усны алдагдлыг таслан зогсоох, усыг хэмнэлттэй хэрэглэх бодлого баримтлах, хэрэглэгчийн нийлүүлж буй бохир усанд лабораторийн шинжилгээ хийж, байнгын хяналт тавих.
3.3 Шинэ техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэж буй цэвэр усны хэрэглээг бууруулж, хэсэгчилсэн болон бүрэн эргэлтийн системд техникийн зориулалттай усыг хэрэглэх, цэвэрлэгдсэн бохир усыг дахин ашиглах, ус бага зарцуулах шинэ технологийг нэвтрүүлэх талаар судалж, санал оруулах.
3.4 Хангагч нь төвийн цэвэр усны шугамын даралтыг 2 ата-аас бууруулахгүй байх.
3.5 Хангагч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хэмжээг үйлдвэрлэл явуулж буй хэрэглэгчийн нийлүүлж байгаа технологийн бохир уснаас сар бүр дээж авч шалгана.
3.6 Хангагч нь хэрэглэгчдийг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль[2]-ийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6 дах хэсэгт заасны дагуу батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  MNS 0900:2005(хуульзүйн яаманд бүртгэлгүй байгаа учраас) “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” ундны усны стандартын шаардлагад нийцсэн усаар хангана.
3.7 Хууль тогтоомж буюу гэрээг санаатайгаар зөрчиж цэвэр, бохир усны шугаманд зүй бусаар холбогдсон бол тухайн ус хэрэглээний тооцоог шугам дүүргэлт, угаалга тооцох аргачлалаар бодож тогтоон нөхөн төлбөр төлөхийг шаардах эрхтэй. /Шугам дүүргэлт, угаалга тооцох аргачлалаар бодож тогтоохдоо урсгалын хурдыг 1.5 м/с гэж үзээд, хоолойн хөндлөн огтлолын талбайгаар тооцно/
3.8 Хэрэглэгчийн эзэмшлийн ариутгах татуургын шугам сүлжээнд хур тунадасны ус оруулсан тохиолдолд ариутгах татуургын системийн шугам сүлжээнд нийлүүлсэн хур тунадасны хэмжээг шугамын дүүргэлтийг 1 м/с, урсгалын хурдыг 1.5 м/с байхаар төлбөрийг тооцоолж, хэрэглэгчээр төлүүлэхээр шаардах.
3.9 Хэрэглэгч усыг гэрээнд зааснаас бусад зориулалтаар ашиглаж байгаа нь тогтоогдвол уг зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгөх, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага тооцуулах, гэрээг цуцлах арга хэмжээ авна.
3.10 Хэрэглэсэн цэвэр ус, нийлүүлсэн бохир усны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг цэвэр усаар хангах гэрээг цуцлах эрхтэй.
3.11 Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжид гэмтэл гаргасан, системд хохирол учруулсан болон хорт бодистой бохир ус нийлүүлсэн тохиолдолд Монгол Улсын Иргэний хууль[3]-ийн 227 дугаар зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтад заасны дагуу хариуцлага хүлээлгэж, хангагчид учруулсан эд материалын хохирол барагдуулахыг шаардах эрхтэй.

  1. Хэрэглэгчийн эрх, үүрэг

4.1 Хангагч байгууллагатай заасан хугацаанд нь гэрээ байгуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, хангагчийн эрх бүхий албан тушаалтанг сар бүр усны тоолуурын заалт авах боломжоор бүрэн хангах, баталгаажуулах, төлбөрөө хугацаанд нь төлөх.
4.2 Өөрийн зааг эзэмшилд байгаа ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ барилга байгууламжийг найдвартай хамгаалалтаар хангах, тэдгээрийг гэмтээхгүй, усанд автуулахгүй, хөлдөөхгүй байлгах, худгийн тагийг цас мөснөөс цэвэрлэх, хангагч байгууллагаас тавьсан лац, ломбыг гэмтээхгүй байх, гадаргуугийн болон хур тунадасны ус зайлуулах сувгийг ариутгах татуургын шугам сүлжээнд холбохгүй байх, галын гидрантын ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хангах, ус зөөвөрлөх боломжтой орц гарцтай байх.
4.3 Хэрэглэгч өөрийн эзэмшлийн цэвэр, бохир усны шугам, худгийн бүрэн бүтэн байдалд байнга хяналт тавьж, стандартын тагтай байлгах ба техникийн узель, зоорийн давхарт бараа материал хурааж зориулалтын бусаар ашиглахыг хатуу хориглоно.
4.4 Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжид гарсан осол гэмтлийн талаар хангагч байгууллагад яаралтай мэдэгдэж, хангагчийн төлөөлөл ирэх хүртэл гэмтэл гарсан хэсгийг хяналтандаа байлгана.
4.5 Хэрэглэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан зөвшөөрөгдөх хэмжээнд нийцсэн бохир усыг төвлөрсөн шугамд нийлүүлнэ.
4.6 Хэрэглэгч нь MNS 4943:2011 “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага” стандартын шаардлагад нийцсэн цэвэршүүлсэн бохир усыг байгальд нийлүүлнэ.
4.7 Худаг, камерийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, гадны хүн оруулахгүй байх.
4.8 Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд зөвхөн хангагчийн зөвшөөрлөөр холбогдож, эрх бүхий ажилтны хяналтан дор холболтыг гүйцэтгэнэ.

5. Ус хангамжийн төлбөр тооцоо

5.1 Цэвэр, бохир усны хэмжээг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.
5.2 Усны зарцуулалтыг хэмжих хэрэгсэл нь Монгол Улсын стандартад нийцсэн, эрх бүхий байгууллагаар баталгаажуулагдсан байна.
5.3 Хэрэглэгч нь хангагч байгууллагын төлөөлөгчийг нэвтрэх боломжоор хангаагүй тохиолдолд хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны хэмжээг сүүлийн 3 сарын дунджаар тооцно.
5.4 Урьдчилсан төлбөрийн тоолуураар тооцоо хийх хэрэглэгч нь усны төлбөр төлсөн баримтыг хангагчийн эрх бүхий ажилтанд үзүүлж, урьдчилсан төлбөрийн картыг ажлын цагаар цэнэглүүлнэ.
5.5 Усны төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд хангагчийн харилцах дансанд эсвэл хангагчийн кассанд тушаана.
5.6 Хэрэглэгч хангагчид төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу хангагч нь төлөгдөөгүй мөнгөн дүнгийн хувиар алданги тооцох эрхтэй.
5.7 Хэрэглэгч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтад заасны дагуу батлагдсан цэвэр, бохир усны үнэ, тарифыг дагаж мөрдөнө.

  1. Ус хангамжийг хязгаарлах нөхцлүүд

6.1 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хангагч нь хэрэглэгчийн ус хангамжийг хязгаарлана.
6.2 Хангагч байгууллага нь ямар ч тохиолдолд хэрэглэгчийн ус хангамжийг хязгаарлахдаа урьдчилан заавал мэдэгдэнэ. /Аваар, осол, гэмтэл гарсан тохиолдолд тухайн үед нь мэдэгдэнэ./
6.3 Хэрэглэгч нь хангагч байгууллагаас албан бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд дамжин хэрэглэгчийн усыг хаах болон таслах эрхгүй.
6.4 Хангагч байгууллага нь хэрэглэгчдийг цэвэр усаар хангах, татан зайлуулах ажиллагааг тодорхой хугацаанд хэсэгчлэн болон бүрэн зогсоож болно. Үүнд:
6.4.1 бохир усны найрлага дах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээнээс ихийг цэвэрлэх байгууламжид нийлүүлсэн, бохирдолтын түвшинг баримтлаагүй тохиолдолд дээрх заалт хүчин төгөлдөр мөрдөнө.
6.5 Хэрэглэгчид усны хэрэглээг хязгаарлах тухай мэдэгдлийг хангагчийн эрх бүхий ажилтан 24 цагийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
6.6 Хязгаарлах үйл ажиллагааг хангагчийн эрх бүхий ажилтан хийж гүйцэтгэнэ.

  1. Гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн нөхцөлд ажиллах

7.1 Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хангагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
7.2 Хангагч нь байгаль цаг уурын онцгой нөхцөл байдалд ажиллах журмыг баримтлан шугам сүлжээнд гарсан осол, гэмтлийг богино хугацаанд арилгах бүх талын арга хэмжээ авах, шаардагдах засварын хугацааг хэрэглэгчдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр урьдчилан мэдээлнэ.
7.3 Гамшгаас хамгаалах тухай хууль[4]-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан гамшгийн нөхцөл байдал үүссэнээс бусад үед буюу шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарснаас хэсэг бүлэг хэрэглэгчдийн ус хангамж тасарсан тохиолдолд хэрэглэгчид мэдэгдсэнээс хойш 24 цагийн дотор хэрэглэгчийн ус хангамжыг сэргээнэ.

  1. Маргааныг хянан шийдвэрлэх, хохирлыг нөхөн төлүүлэх

8.1 Хангагч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.
8.2 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтад заасны дагуу өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хянан шийдвэрлэнэ.
8.3 Хангагч нь хэрэглэгчээс гаргасан өргөдөл гомдлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжгүй бол холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
8.4 Хангагч хэрэглэгчийн хооронд гарсан маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэх бөгөөд харилцан шийдэлд хүрч чадаагүй тохиолдолд Зохицуулах зөвлөлд асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ. Хэрэв маргалдагч талууд Зохицуулах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ.
8.5 Хангагч хэрэглэгчийн хооронд тооцооны хэмжих хэрэгслийн ажиллагаатай холбоотой гарсан маргааныг шийдвэрлэхдээ стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн дүгнэлт гаргуулна.
8.6 Хангагч хэрэглэгчийн хооронд цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулахтай холбоотой харилцаанаас үүссэн хохирлыг хангагч хэрэглэгчийн хамтран тогтоосон актаар баталгаажуулна.
8.7 Хохирлын актыг холбогдох талууд хамтран ажлын 5 /тав/ хоногийн дотор тогтоож баталгаажуулах бөгөөд хохирлыг буруутай тал нь 1 /нэг/ сарын дотор нөхөн төлнө.
8.8 Хангагч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ус хангамжийг тасалдуулсны  улмаас хэрэглэгчид учирсан хохирлыг шууд  нөхөн төлнө.
8.9 Хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс хангагч болон бусад этгээдэд хохирол учруулсан бол хохирлыг шууд  нөхөн төлнө.
8.10 Дараах тохиолдолд хэрэглэгчид учирсан хохирлыг хангагч хариуцахгүй. Үүнд:
8.10.1 Татварын ерөнхий хууль[5]-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.ж хэсэгт заасан галын болон байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй хохирол;
8.10.2 Хангагчтай тохиролцож тогтоосон горимыг хэрэглэгч зөрчсөн үед;
8.10.3 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5 дахь хэсэгт заасны дагуу хэрэглэгчийн усыг хязгаарласан;
8.10.4 Хэрэглэгчийн ус хангамжийн шугам сүлжээг гуравдагч этгээд гэмтээсэн бол;

  1. Бусад зүйл

9.1 Энэхүү дүрмийн биелэлтэд хангагч, хэрэглэгч талууд болон Зохицуулах зөвлөл хяналт тавина.
9.2 Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага болон  олон нийт хяналт тавьж болно.
9.3 Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.4 Хангагч байгууллага нь өөрийн эзэмшлийн шугам хоолой, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тохиолдолд тэдний хооронд байгуулсан гэрээний дагуу зохицуулна.

——-о О о——–

[1] Хот сууриний ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 41 дугаарт нийтлэгдсэн.
[2] Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 21 дугаарт нийтлэгдсэн.
[3] Иргэний хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
[4] Гамшгаас хамгаалах тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 25 дугаарт нийтлэгдсэн.
[5] Гамшгаас хамгаалах тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

МАНАЙ ХАЯГ:

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн III баг “Гүний ус”ХХК-ны байр Утас:7053-3903, 70533915

ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Баасан: 9.00 am – 18.00 pm
Бямба, Ням: Амарна.

GOOGLE ГАЗРЫН ЗУРАГ

ШУУРХАЙ УТАС:7053-2843

24цаг /7хоног нээлттэй утсаар байнга санал, гомдол, дуудлага үйлчилгээ хүлээн авч байна.

FACEBOOK ХУУДАС

Facebook Pagelike Widget