ШУУРХАЙ УТАС: 7053-2843

Усны гайхамшиг

Монгол орон нийт 67 мянга гаруй км урт 4200 гаруй гол горхи, 2500 орчим том жижиг нуур, 7000 гаруй булаг шанд, 300 гаруй анагаах үйлчилгээтэй рашаан ус, 500 гаруй ам км талбай бүхий 187 мөнх цас, мөсөн голтой. Дэлхийн усны гурван ай савын хагалбар манай орныг дайран өнгөрдөг бөгөөд тэдгээр уулсаас эх авсан гол горхийн усны 73 орчим хувь Хойд мөсөн далай, Номхон далайн ай савд урсан гарч үлдэх 27 хувь нь төв Азийн гадагш урсгалгүй савд шингэдэг.
• Усны нийт нөөцийн хэмжээ 34,6 шоо км, газар доорх усны нөөц 6,1 шоо км. Монгол орны нутгийн хойд хэсэгт усны нөөц хүрэлцээтэй боловч нутаг дэвсгэрийн 69 хувийг эзэлдэг говь, хээрийн бүсэд гадаргын усны сүлжээгүй, дийлэнх хэрэглээг газрын доорх усаар хангаж байна. Yүний зэрэгцээ манай орны говь, хээр нь эх газрын давсжилтын бүсэд оршдогоос ус нь эрдэсжилт, хатуулаг ихтэй ашиглахад тэр бүр тохиромжгүй байдаг.
Ус шингэн боловч
Мөс болон хатуурна.
Ус хар боловч
Цас болон цайрна.
Ус хүнд боловч
Уур болон дэгдэнэ.
Ус шимгvй боловч
Түмэн бодисыг тэжээнэ… хэмээн эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн гуай усны гайхамшгийн талаар далан жилийн тэртээ бичиж байжээ. Бидний амьдарч буй цэнхэр гаригийн түмэн бодис, мянган эрдэнэсийн дотроос хамгийн гайхамшигтай нь ус юм билээ.
      Манай дэлхийг сансрын уудмаас харахад цэнхэртэж харагддагийн учир нь бөмбөрцгийн маань дөрөвний гурвыг усан мандал бүрхдэгт байгаа юм. “Оломгүй далай Онгоцоо дүүрэн мэлтэлзэнэ гэж Монголчууд дуулдаг даа. Оломгүй их далайн оволзож буй давалгаанаас нь энергийг нь аваад ашиглаж чаддагсан бол 100 сая киловатт эрчим хүч одоо ч тэнд бэлэн буй. Түүгээр барахгүй их далайн гүнд загас жараахайнаас авахуулаад идэх хоол, эдлэх эрдэнэ бүгд байгаа. Бусад үнэт металлыг нь больё ганцхан алтыг нь л ялгаж авч чаддагсан бол манай гаригийн иргэн бүрт гурав гурван кг хүрэлцэхээр нөөц тэнд байгаа гээд бод доо.
      Нарны аймгийн бусад гаригуудаас зөвхөн манай дэлхийнхэн л “ус уух” хувьтай төрснийг судлаачид баталдаг. Энэ их ус л алтан нарны адил амьдралыг тэтгэх бас нэгэн шидтэн буюу. Далай тэнгисийн их усны ачаар нарнаас ирэх их энерги, дэлхийн дотоодоос ялгарах дулаан саармагжиж бороо цас орон, байгаль дэлхий сэрүүсч байдаг бус уу. Хэрэв энэ их ус үгүй бол дэлхий маань зуухан дээр тавьсан усгүй тогоо мэт хоромхон зуур улайсан шатах бөлгөө. Ус бол хорвоо дээрх хамгийн энгийн мөртлөө хамгийн гайхамшигт эрдэс.
      Ц.Дамдинсүрэн гуайн шүлэглэсэнчлэн ус шиг гурван биеэр зэрэгцэн оршдог тийм шидтэн энэ хорвоод үгүй бөлгөө. Бидний тэр болгон анзаардаггүй энэ чандмань эрдэнэд нууцлаг, эмзэг, бас сонин ааш араншин туйлын олон. Байгаль дээрх түмэн зүйлийн ургамал, амьтныг анхнаас нь ус бий болгож, тэдний амьдрах таатай орчныг ус өөрөө бүрдүүлдэг. Хүн та энэ дэлхийд мэндлэхдээ эхийн умайд анх усан дотор үүсэн бий болсноо үргэлж санаж явууштай. Усанд нийлсэн өндгөн эс л уншигч таныг өдий зэрэгтэй хүн болгожээ. Иймээс эхийн ачийг үргэлж санадаг шигээ усны ачийг бид мартах учиргүй.
      Бидний хүрээлэн буй орчинг усгүйгээр та төсөөлөх үү. Ой мод ургамал амьтан усгүйгээр оршин тогтнодог бил үү. Агаарт байгаа таны нүдэнд эс харагдах уур усны хэмжээ 20 хувиас доошлоход л хамар ам чинь хатаж биед байгаа ус чинь эрчимтэй гадагшилж эхэлнэ. Учир нь бидний цусны 90 хувь, булчингийн 75 хувь, ясны 28 хувь, уураг тархины 70 хувь уснаас бvрддэг. Хүмүүс бид бие биеэ хайрладаг, үзэн яддаг, шоолдог ааш араншин нь усанд ууссан биетийн цогц гэж үздэг. Энэ усныхаа аравны нэгийг л алдахад л арьс хагарч язран, хараа бvрэлзэж, шээс хаагдан, хоолой боогдож амь тэмцэж эхэлнэ.
      Ийнхүү бидний утсан чинээ улаан амь урд, хойд талаар урсаж байгаа гол мөрөн, дэлхий ээжийн хэвлийд агуулагдан буй рашаан булагаас хамааралтайг үргэлж санаж яваарай. Мөн 70-80 хувийн ус тээж явдаг биеийн чинь усны балансыг зөвхөн ууж байгаа усны хэмжээгээр биш уушгиараа сорж авч байгаа ус, арьсаараа нэвчүүлэн авч байгаа ус гээд олон эх үүсвэр байдгийг та анзаардаггүй байх. Таныг цааш нь харуулахын тулд заавал хамар амыг чинь таглах боохын хэрэггүй. Хамаг биеийг чинь скочдоод хурц наранд тавихад л хэдхэн цагийн дотор аймшгийн муухайгаар тарчилж үхнэ. Учир нь арьсаар дамждаг ус болоод агаарын солилцоо бүрмөсөн зогссоноос тэр.
http://www1.sulekha.com/mstore/simpletomi//albums/Mongolia/Frozen%20River%20Mongolia.JPG      Бидний мэддэг уснаас гадна энэ орчлонд 240 төрлийн ус байдаг болой. Түүнээс зөвхөн нэгийг нь л бид гадарладаг, хэрэглэдэг. Онцгой чанартай энэ эрдсийн нууцыг бүрэн тайлж чадвал алмазнаас хатуу ган хийж, даавуу шиг эвхдэг, мушгирдаг мөртлөө төмөр бетоноос олон дахин бат бэх хавтан гарган авч, гол мөрөн дээгүүр цааснаас нимгэн мөртлөө танкнаас хvнд зүйлийг дааж чадах гүүр тавьж, одоогийн бидний мэдэх атомын бөмбөгнөөс хэд дахин илүү хvчтэй зэвсэг хийж болох талаар эрдэмтэд бичиж байна. Жирийн ус хүртэл бидний хувьд өнөөдөр тайлагдашгүй оньсого хэвээрээ байгаа.
Ус туйлын ухаантай бас эмзэг бодис
      Ус ухаантай, сүнс сүлдтэй, бас маш эмзэг, гомдомтгой бодгаль аж. Тэрээр өөртөө тохиолдсон бүхнийг мартдаггүй бөгөөд өөрөөр хэлбэл хэн гэдэг этгээд хэдийд түүнийг туулаад гарсан тухай мэдээллийг хэдэн зууны турш хадгалан авч үлддэг онцгой чанарын тухай судлаачид бичиж байна. Хэрэв бид энэ чанарыг нь нээж чаддагсан бол гэмт этгээдийг хурууны хээгээр нь илрүүлдэг шиг аль хэдийн болоод өнгөрсөн мөн ч олон зүйлсийн тухай ус бидэнд хүүрнэж чадах нээ дээ. Та биднийг, ундаалж хооллон, цангаагаа гаргаж, сэрүүцүүлдэг үхэшгүй мөнхийн энэ рашаан зөв хэрэглэвэл бидэнд баяр баясгалан аз жаргал авчирдаг. Хэрэв хүмүүн бид түүнтэй араатнаас дор харьцах юм бол ус эмзэглэн гомдож, цөхрөнгөө барахдаа байн байн нүүр буруулан нуугдан, хатааж гандааж бас үе үе үер буулган догширч, цунами дэгдээж, хариугаа авдаг жамтай.
      1944 онд Монголд тохиосон мичин жилийн их ган зудны талаар ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай:http://money.cnn.com/magazines/fsb/fsb_archive/2006/02/01/8368193/mongolia_river_horse.jpg
…Тэр жилийн бороо
Тэнгэртээ хатлаа
Тэр зуны ногоо
Газартаа шатлаа
Хувхай тэнгэр улайдаж
Хумхийн тоос манарч
Хуурай сайрын гол
Хугархай зүү шиг тасарлаа
Манайхан тэр өвөл
Малгайн бүч тайлсангүй
Махтай айл үлдсэнээс
Малтай айл үлдсэнгүй… гэж харуусан шүлэглэсэн байдаг нь юутай үнэн. Ус биднийг байнга анхааралтай сонсдог талаар Япон эрдэмтний хийсэн сонирхолтой судалгаа буй. Тэрээр яг адилхан гурван шилэн саванд устай цагаан будаа хийж нэг нэгнээс нь нилээд зайдуу тавьчихаад нэгийг нь өглөө болгон санаанд ормоогүй үгээр зүхэн харааж, нөгөөг нь уран гоё үгээр магтаж, ерөөж, гурав дахийг нь зөнд нь орхиод хэдэн хоног ажиглахад хараалгасан саванд байгаа будаа өмхийрэн илжирч, ерөөлгөсөн савны будаа исэн анхилуун сайхан дарс болж, гурав дахь савны будаа нь илжирч өмхийрөөгүй боловч аятайхан амттай дарс болсон тухай бичсэн байдаг.
      Тэр ч бүү хэл ус Моцартын дуунд уяран молекулын бүтцийн тор нь хачин гоё сувдан сондор шиг болсноо рок, поп хөгжимд дvрсээ хувирган зөв биш хурц жадан үзүүртэй болсон байжээ. Христ, Будда, Ислам аль ч шашины зан үйлийн салшгүй нэг хэсэг нь усыг адислаж ариусгаж, бусдад түгээж түүгээрээ дамжуулан сүсэгтэн олноо элдэв хир буртаг, гэм нүглээс ангижруулах ариусгах ёслол байдаг. Оросын үнэн алдарт шашны сүмд болдог цуглааны үеэр хийдийн лам хуврагуудын адисласан уснаас нь авч хөлдөөгөөд молекулын бүтцийг нь микроскопоор харахад жирийн уснаас эрс ялгарч талстууд нь 100 хувь эмх цэгцэнд орсон байсныг “НТВ” сувгаар харуулж байсныг санаж байна. Усанд ийнхүү тайлагдашгүй олон нууцлаг зүйлс буй. Усны молекулууд гаднын биетийн нөлөөгөөр амархан гэмтэж бүтцээ алддаг.
      Үүгээр нь эрдэмтэд нээлт хийж амьд ус гаргаж олон хүнийг эмчлэн эдгэрүүлж байсан туршлага буй. Орон сууцанд амьдардаг бидний крантаар гоожиж байгаа ус бол хэдэн арав зуун км хоолойгоор хүчтэй насосанд шахагдан явах замдаа төмөр хоолойнуудын нугаралт бүр дээр цохигдон үйлээ үзэж хэлбэр дүрсээ алдан “үхсэн ус” болдогийг судлаачид аль хэдийн тогтоожээ. Усны молекулууд цөмийн цацрагт туяанд өртөх юм бол хэлбэр дүрс ой санамжаа бүрмөсөн алдан түүнийг нь уусан хүмүүс олноороо мэдрэл нь муудан солиорч үхэж байсныг Японы эрдэмтэд дэлхийн хоёрдугаар дайны дараахан олж илрүүлсэн байдаг.
Ус зөрүүдэлдгийн учир шалтгаан
      Бүх бодис хөрөх хөлдөхдөө агшдаг байхад ус ганцаараа тэлдэг. Хөлдөхдөө усанд агуулагдсан элдэв бодисыг төв хэсэг рүүгээ татаж цэвэр молекулуудаа гадагшлуулан дотроосоо цэвэршдэг. Айргийг хөлдөөхөд голд нь охь үлддэгийг санаж байна уу. Яг тийм маягаар.
      Ус хөлдсөнийхөө дараа өөрийнхөө бий болгосон амьд байгалаа аварч хамгаалах гэсэндээ дахин тэлдэг. Тэгдэггүйсэн бол гол мөрөн далай тэнгисийн мөс доошлон живж, ёроолдоо хvртэл хөлдөж бүх ургамал, амьтан мөхнө дөө. Ус бидэндээ хайртайдаа л ингэж байгаа хэрэг. Эзлэхүүнээрээ тэлж, хөнгөрч хөвж -100 градус хүрдэг Антарктидийн хахир өвлийн хүйтнээс хүртэл доороо байгаа бvхнийг хамгаалж амьдралыг нь тэтгэдэг. Ийнхүү ус мөс болон хөлдөхдөө тэлж гажилт орсон эд эсээ өөрөө засч, үүнийг нь хэрэглэдэг хүн амьтныг эрүүлжүүлдэг. Хойд туйлын орчимд амьдардаг цаатнууд мөсөн уулаас хагалан аваачиж цай хоол хийхэд жирийн уснаас хэд дахин амттай болдог, мөн бие организм нь архи болоод бусад зүйлд хордлогод орсон үед гайхалтай хурдан эрүүлждэг талаар ярихыг сонссон юм байна.
      Туйлын мөсөн уулс нь доор хаяж хэдэн арван мянгаас сая жил хүртэл настай учир тэр үед хөлдөж хатуурсан ус ямар гайхалтай цэвэр цэнгэг эрүүл байх нь тодорхой. Мөстэй коко колаг бид бvгд л таалан хүртдэг нь коландаа биш мөсөндөө байгаа хэрэг. Гол мөрний адагт амьдардаг загас жараахай бүгд л өөдөөгөө өгсөж, цас мөстэй усан доогуур хэдэн зуу, мянган км амь тэмцэж шурган явсаар голын эхэнд үр төлөө үлдээж байхыг нь бид телевизээр хардаг билээ. Халуун орны шувууд хүртэл зундаа Монгол нутгийг зорин ирдэг нь үр төлөө хөлдөж цэвэршсэн эрүүл устай орчинд төрүүлж бойжуулах зорилгыг агуулдаг гэхэд хилсдэхгүй болов уу.
Ус бидний авралын од
      Хүчилтөрөгч хэмээх бодис нь химийн бусад элементүүдтэй харьцуулахад хамгийн эрчимтэй урвалд орж исэлддэг тул байгальд дангаараа оршин тогтнож чаддаггүй. Тэрээр бусдын эд эсийг өөртөө татан авч төмрийг зэврүүлж, мөнгийг харлуулж, зэсийг ногооруулдаг хүчтэн. Түүнийг дийлэх шидтэн хорвоо ертөнцөд үгүй юу гэтэл биш ээ.
      Ус хvчилтөрөгчийг бусдаасаа өмнө булаан авч урвалд оруулалгүйгээр өөрийнхөө “сейфэнд” хийж найдвартай хадгалдаг. Тэгээд үүнийгээ бидэнд шаардлагатай vед бага багаар нь багцлан өгдөг. Бидний амьсгалдаг агаарт байх 20 хувийн хүчилтөрөгчийн агууламж буудаг ч үгүй, өсдөг ч үгүй нэгэн хэмжээндээ байгаад байдгийн гол нууц нь энэ. Нуур, цөөрмийн ус биологийн бохирдолд орох үедээ ялзарсан ургамал, амьтны гаралтай бодисыг исэлдүүлэн өөрөөсөө зайлуулна. Хүн амьтны биед санамсаргүй орсон аливаа хорт бодисыг ус исэлдүүлэн тундасжуулж, цэвэршүүлэн ариутгана. Өөрөөр хэлбэл ус өөртөө байгаа энерги бүхнээрээ өөрийгөө болоод манийхаа бие организмыг хорин дөрвөн цагийн туршид байнга цэвэршүүлдэг бидний эрүүл мэндийн мөнхийн сахиул. Энэ бүгд нь хэмжээтэй тул энерги нь дуусаад ирэхийн үед лусын эзэн уурлан догширч бид бүхнийгээ үе үе хөнөөчих дөхдөг нь цаанаа бас л учиртай.
* * *
Усны хомсдол, бохирдлын талаар сэтгэл эмзэглэм баримтууд
• 2009 оны хавар Туркт болсон олон улсын усны форумаас гаргасан баримт бичигт 2020 он гэхэд дэлхийн долоон миллиард хvний 47 хувь нь цэвэр усны хvрэлцээгvй нөхцөлд амьдарна гэсэн тооцоо гарчээ. Дэлхий нийт усны ердөө 2,5 хувь нь цэвэр ус.
• 2007 онд явагдсан усны тооллогын дүнгээс үзэхэд 4234 гол горхины 21% буюу 887 нь, 2566 нуурын 45% буюу 1166 нь, 7244 булгийн 29% буюу 2096 нь ширгэсэн дүнтэй байна.
• Улаанбаатар хотын хэмжээнд хөрс, усны бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Хүн ам өсч, нэг сая гаруй хүн болсноос болж хог хаягдал ихсэн, экологийн тэнцвэртэй байдал нэгэнт алдагджээ. Бохирдуулж байгаа гол эх үүсвэр нь гэр хорооллын жорлон, болон хааяагүй ил задгай машин угаалгын цэгүүд. Нийслэлийн хэмжээнд 150 гаруй мянган жорлон мөн төдий чинээний муу усны нүх тэнд үүрлэсэн элдэв нянгууд хөрсөөр дамжин гүний усыг бохирдуулж байна. Дээр нь машин засвар, угаалгын газрууд гээд хотын хөрс усыг бохирдуулах эх үүсвэр бишгүй байгаа атал иргэд хашаа, зусландаа 20-30 метр газар ухаад л худаг гаргаж, ундандаа хэрэглэж байгаа.
http://collegehills.org/files/Images/Event%20Graphics/World%20Water%20Graphic.jpg• Манай улсад өнөөдөр хvн амын хэрэгцээнд жилд 90.5, үйлдвэр аж ахуйн зориулалтаар 222,3 сая куб м ус хэрэглэж, 200 сая куб метр бохир ус гаргаж, үүний дийлэнх хэсгийг гол мөрөн рүү шууд нийлүүлж байна.
• Японы эрдэмтдийн тооцоогоор 5-8 жилийн дараа Улаанбаатар хот усны гачигдалд орох юм байна. Тэгэхээр усгүй Улаанбаатар хотод экологийн асуудал эдийн засгийн, эдийн засгийн асуудал улс төрийн асуудал болох нь дамжиггүй. Ирээдүйд дэлхийн дайн уснаас үүснэ гэдгийг Болгарын Ванга мэтийн алдарт зөнчдөөр зогсохгүй томоохон эрдэмтэд ч хэлж байна.
• Туул голын сав газрын усны нийт нөөцийг 1977 онд орос мэргэжилтнүүд 230 мянган м/куб гэж тогтоож өгсөн байдаг. Хотын хэрэгцээг 1.2 сая мянган хүнээр бодоод тооцоход 328 мянган м/куб болж байгаа юм. Гэтэл өнөөдөр өдөрт 170 мянган м/куб усыг ундны усны эх үүсвэрээс авч төвлөрсөн сүлжээгээр дамжуулан хэрэглэж байна.
Та бид усаа яаж зарцуулж хэдэн төгрөг төлж байна вэ?
      Гар нүүрээ угаахдаа бас шүдээ угаах хооронд тань хичнээн литр ус зүгээр гоожиж байдаг билээ. Усыг хэмнэхийн тул тоолууртай байхыг шаардаад байгаа хоёр шалтгаан бий. Нэгд та хэрэглэсэн усандаа бага мөнгө төлнө. Хоёрт та өдрөөс өдөрт хомсдож буй усаа хэмнэнэ. 6 ам бүлтэй тоолууртай айл 30 шоо метр усандаа сард дунджаар 7000 орчим төгрөг төлдөг байна. Тэгвэл тоолуургүй айлаас нэг хүнээс НӨТ оролцуулаад 2900 төгрөгөөр бодож төлбөр авдаг. Энэ тоогоо 6 хүнээр үржүүлэхээр 17400 төгрөг болно. Сард та тоолууртай айлаас 10000 төгрөг илүү төлбөл жилдээ 120000 төгрөг илүү төлнө гэсэн үг. Ингэж илүү мөнгө төлөх хэрэг байна уу. Мөнгө илүү төлөхөөс гадна тоолуургүй айл өрхийн хүмүүс усны үнэ цэнийг огт боддоггүй. Түүний нөөц багасч 2015 он гэхэд Улаанбаатар хот маань усгүйдэхийн аюул нүүрлэж байна.
     Хэрэглээний усны хомсдол харанга дэлдэж буй энэ үед хэрэглэгчид та бүхэн гэр орондоо тоолуур тавиулж өөрсдийгөө аврах хэрэгтэй болох нь ээ. Байшинд суудаг нэг хүн өдөрт дунджаар 250 литр ус хэрэглэдэг гэж тооцоход долоо хоногт 1750 сард долоон тонн ус хэрэглэж байна. Та хэзээ ч сард долоон тонн ус ганцаараа хэрэглэдэггүй гэж бодох вий. Гэвч хэрэглээгээ та хянаад нэг үзээрэй.Та бүхэнд хандан хүн бүр гэр орондоо усны шүүлтүүр болон тоолуур тавиулахыг уриалж байна. Энэ нь гэр бүлийнхний тань эрүүл мэнд болоод эдийн засагт тун хэрэгтэй зүйл юм шүү.

МАНАЙ ХАЯГ:

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн III баг “Гүний ус”ХХК-ны байр Утас:7053-3903, 70533915

ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Баасан: 9.00 am – 18.00 pm
Бямба, Ням: Амарна.

GOOGLE ГАЗРЫН ЗУРАГ

ШУУРХАЙ УТАС:7053-2843

24цаг /7хоног нээлттэй утсаар байнга санал, гомдол, дуудлага үйлчилгээ хүлээн авч байна.

FACEBOOK ХУУДАС

Facebook Pagelike Widget